Хайрын тухай 10 бестселлер бичсэн, “хайр судлаач” хэмээх хочтой алдарт сэтгэл зүйч Юрий Рюриков:
-Харамсалтай нь, хайр бүтэлгүй байх тусам улам их ундардаг тал байдаг. Бүтэлгүй дурлал өвчинтэй төстэй. Уй гашуу, сэтгэлийн гуниг, сэтгэлийн дарамт – энэ бүхэн бол зөвхөн мэдрэмж биш, бие организмыг маш ихээр муутгадаг зүйл. Сэтгэлийн шаналал бол үнэхээр хүний мэдрэлийг өвтгөдөг гэж хэлж болно. “Адреналины гуниг” гэдэг хэллэг ч байдаг юм. Шаналан гашуудах үеээр адреналин гормон их хэмжээгээр цус руу цацагддаг, энэ нь сэтгэлийг өвтгөдөг байх. “Мөхөж байгаа хайр” хэмээх энэ өвчнийг бусад өвчний нэгэн адил хурц үед нь эмчлэхгүй бол архагшиж олон жилээр зовоодог. Сэтгэл судлаачид сэтгэлийн шаналал эмчилгээгүйгээр хэр удаан үргэлжилдэгийг тооцох гэж оролдсон байдаг. Калифорнийн Их сургуулийн судлаачдын тооцоолсноор, сэтгэл тайвшрах хугацаа нь тухайн хүмүүсийн хамт байсан хугацааны талтай тэнцдэг гэнэ. Жишээ нь, хэрэв та хоёр нэг нэгэндээ 10 жилийн турш хайртай байсан бол мартах гэж 5 жилийг зарцуулна гэсэн үг. Харин Оросын мэргэжилтнүүд хэдэн мянган хүнээс асуулга авсны дүнд шаналалтын хугацаа 3 сараас 3 жил хүртэл үргэлжилдэг бөгөөд хайр үргэлжилсэн хугацаанаас шалтгаалахгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Зовлонгийн үе шатууд нь харин бүх хүмүүст ижил байсан байна. Эхлээд шок, дараа нь эсэргүүцэл буюу хайртынхаа сэтгэлийг буцаах гэж оролддог байна. Тэгээд бүтэхгүй болохоор сэтгэлийн гүн уналтанд орох ба зарим нь архинд ч ордог аж. Ууртай, хортой шартай хүмүүс хайртаасаа ямар нэгэн байдлаар өшөө авдаг бөгөөд ингэлээ гээд ч гомдол, шаналал нь тайлагддаггүй. Уур нь гарсны дараа хайртыгаа буцаад ирж магадгүй гэсэн сулхан найдвар л үлдсэнээ тодорхой хугацааны дараа энэ нь алга болж байсан байна. Эцсийн эцэст нь шинэ “хайрттай” болж сэтгэлийн шаналалаа багасгаж байсан гэжээ.
Харин хүмүүс анхны хайраа хэзээ ч мартаж чаддаггүй нь дахин батлагдсан байна. Бүх насны нь турш энэ хайраа хадгалдаг агаад олон жилийн дараа ч анхны хайр нь дахин дүрэлзэх нь элбэг байдаг нь тогтоогджээ. Судалгаанаас харахад олон жилийн дараа дахин уулзсан хүмүүсийн 80% нь, хэрэв энэ үед хань ижилгүй байж таарвал, дахин нийлдэг байна.
Хайрын шархаа хурдхан шиг эдгээхийн төлөө яавал зохилтой вэ?
Азгүй байдлаас аз жаргалд суралцах хэрэгтэй: олонхи хүмүүс зовлон шаналалд орсныхоо дараа өөрийн мэдэлгүй, сэтгэл санаагаа хамгаалах “хөдөлгүүрээ асаадаг”. Хүний дархлаа эсрэг биесийг ялгаруулдагтай адил. Ийнхүү, хүний сэтгэл ч бас нэгэн маягийн дархлаа бий болгодог гэж хэлж болно.
Алдсан хайрттайгаа ижил типийн хүмүүсээс өөрийн эрхгүй зайгаа авдаг болно гэсэн үг. “Тэр хэтэрхий их эрдэм ном хөөдгөөс сексэнд нэг их дуртай байгаагүй, тиймээс намайг хаясан шүү дээ, дахиж ийм номын амьтантай орооцолдохгүй юм шүү”. Эсвэл, “Тэр хүүхний донтой болохоор намайг хаясан, дахиж хүүхэмсэг хүнтэй ойртохгүй дэг” гэх мэтээр. Шаналалаас гарахад хамгийн их тээр болдог юм нь, хүн өөртөө итгэлгүй, өөрийгөө дорд үзэн, бий ийм, тийм болохоор хаягдсан гэсэн итгэлтэй болоод байдаг. Тиймээс, шинэ хайраар жаргах эсэх нь тухайн хүн өөрийнхөө энэ комплексыг ялж чадах эсэхээс маш их шалтгаалдаг.
Анагаах ухааны доктор, профессор, академик Е. Шапошников дараахь байдлаар өөртөө түргэн тусламж үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөж байна:
- “Намайг битгий хаяж яваач дээ” гэж уйлж унжин гуйхгүй байх
- Буцаад ирнэ гэж мөрөөдөхгүй байх
- “Чи харамсанаа, гайгүй” гэх мэтээр айлгахгүй байх |улам л цааш нь түлхэнэ|
- Аль болох боловсон, дипломат байдлаар харьцах
Яг яваад өгснийх нь дараа:
- Түүний гадаад болон дотоод сул талуудыг нь цаасан дээр үнэн байдлаар нь бичих. Үүний үр дүнд “Би яаж ийм арчаагүй, муу, өчүүхэн “юмыг” хайрлаж байсан юм бэ?” гэж гайхмаар ч юмнууд гарч ирдэг. Тэгээд түүний явсанд нэг хэсэг баярлан, сэтгэл тайвшрах шиг болно. Энэ бол муухай, өөдгүй арга л даа, гэхдээ одоо таны “цэвэрхэн загнах” цаг биш, сэтгэлээ эмчлэх хэрэгтэй байгаа юм чинь...
- Нэг цэг рүү гөлрөн, сайхан мөчүүдээ санан санан суухгүй байх
- Цаашаа яаж амьдрах тухайгаа шууд бодож эхлэх. Ганцаараа удаан байхгүй би, сайн хүн олдоно хэмээн цааш нь ургуулан бодох
- Аль болох хүмүүсийн дунд байхыг хичээх
- Танилын хүрээгээ өргөтгөх
Энэ зөвөлгөөг бүрэн хэрэгжүүлж чадваас та хохирол багатай үлдэнэ.
танд өөр зөвлөгөө байвал хуваалцаарай.